Хүний эрх: Бэлгийн дарамт, хүчирхийлэл, БИД ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?
:Kовид-19 ын аюул нэг л өдөр намжих биз, харин бидний амьдралаас хол байгаасай гэж боддог нэг сэдвийг ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨР-т зориулан бичлээ.
Медуз гэх үзэсгэлэнт бүсгүй аж төрөх бөгөөд түүний гоо сайханд хүмүүс байтугай бурхад атаархах нь атаархаж, шунан дурлах нь дурладаг байж. Тэнгисийн бурхан Посейдон түүнийг хүчээр эзэмдсэний дараа Афин бурхан үзэшгүй төрхтэй, харц тулсан нэгнээ хөшөө болгож хувиргадаг байхаар хараажээ. Сайхан төрсөнийхөө төлөө, хохирсоныхоо төлөө шулам болох хувь тавилан хөөрхий Медузд оногджээ.
Ер нь Грекийн бурхдын домгууд бурханлаг гэхээс илүү хүний нийгмийг бодитоор дүрсэлсэн байдгаар онцлогтой.
Хүний эрхийн өдрөөр миний хөндөхийг хүссэн сэдэв бол хүчирхийлэл юм.
Хүчирхийлэл бол хэн нэгэн хүн оюун санаа, эрх мэдэл, хөрөнгө, бие мах бодийн хувьд өөрийн нөлөөгөө тогтоох, хүслээ гүйцэлдүүлэх зорилгоор бусдад аливаа хэлбэрээр нөлөөлөх/шахаж шаардах, заналхийлэх, доромжлох, биеийн хүчээ ашиглах/ үйлдлийг хэлдэг.
Хүчиндэх гэмт хэрэг, бэлгийн дарамт нь харин хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг байдгаар онцлогтой. Зөвхөн хүчингйин хэргийн үйлдлийг хүчирхийлэл гэж үзэхгүй танд ямар нөлөөллийг үзүүлж байгаа, тухайн субьект /хүчирхийлэгч/ юуг хүсч тухайн үйлдлийг хийсэн нь гол хүчин зүйл болно.
Харамсалтай нь дээрх домгийн үйл явдал хүн төрөлхтөн бүхий л салбарт өндөр хөгжилд хүрсэн энэ цаг үед ч дахин давтагдсаар байна. Бид өмнөх цаг үеэ харанхуй бүдүүлэг гэж нэрлэдэг ч, тэртээ манай эрний өмнөх цаг үеэсээ төдийлөн ялгаагүй мэт.
Монгол улсад 2020 оны эхний 10 сарын байдлаар уг сэдэвт холбогдох буюу бэлгийн эрх чөлөө, бэлгийн халдашгүй байдлын эсрэг 444 тохиолдол, хүчиндэх гэмт хэргийн 360 /2019 онд 457 тохиолдол/ тохиолдол бүртгэгджээ. Өөрөөр бол Монгол улсад өдөрт нэг эмэгтэй хүчиндэх гэмт хэргийн хохирогч болж байдаг гэж хэлж болох нь. Ахиад л харамсалтай баримт энэ тоо нь жил ирэх тусам өссөн үзүүлэлттэй байдаг юм билээ.
Аа гэхдээ нэг зүйлийг ахин тайлбарлах нь зүйтэй, өнөө цагт заавал эмэгтэй хүн дээрх хэргүүдийн хохирогч гэж үзэхээ больсоныг анхаарах нь зүйтэй. Эр хүн ч бэлгийн болон бусад хүчирхийлэлд өртөх боломжтой.
Ерөнхийд нь бид нар юуг яриад байгааг гадарлаж байгаа, гэхдээ жаахан нарийвчлээд үзье. Хүн /зөвхөн эмэгтэй, эрэгтэй гэж онцлохгүй/ бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй гэж ХЭТТ-д заасан байдаг. Халдашгүй байдал маань дараах асуудлын хүрээнд оршдог байх нь
- Бие мах бодь — биеэр үйлдэх үйлдэгдэх,
- Сэтгэл санааны — доромжлох, айлгаж, сүрдүүлэх, нөлөөндөө автуулах
- Бэлгийн — бэлгийн дур хүслээ хангах, хангахаар завдах
- Эдийн засгийн — санхүүгийн хувьд олсон давуу талаа ашиглан боомилох г.м-ээр үргэлжилнэ, нэмээд бичвэл дуусахгүй, гудамж талбайд охидын хормой сөхөөд байгаа чинь, задгай хувцаслалтаараа эрчүүдэд н өлөөлөх гээд байгаа чинь ч хүчирхийлэл болоод явчих боломжтой. Мэдээллээр ч хүчирхийлэл үйлдэгдэж болно.
Хэн уг хэргийг үйлдээд байна вэ гэдгийг эртний энэ домогт маш тодоор үзүүлсэн байдаг. Посейдон буюу тэнгис, усны бурхан нөгөө талд нь үзэсгэлэнтэй энгийн эмэгтэй. Энэ дүр зураг нь одоо ч хэвээр, ерөнхийдөө өөрийн давуу тал /албан тушаал, эрх мэдэл, бусад холбоо хамаарал/-ыг л ашиглаж хүслээ гүйцэлдүүлдэг.
Ингээд жаахан судалгаа ухахаар дарга, удирдах албан тушаалтнууд болон багш сурган хүмүүжүүлэгчдийн зүгээс бэлгийн дарамтыг хамгийн ихээр үзүүлдэг нь батлагддаг. Оюутнуудын 75% нь бэлгийн дарамтанд өртдөг ч гэх шиг. Ажлын байранд бол 30 гаруй 30% нь өртдөг.
Яг энэ бичвэрийг бичих сэдэл төрсөн үеэр буюу 10 сард нэгэн хуулийн сургуулийн эмэгтэй оюутантай ярилцав.Тухайн сургуулийн эрэгтэй багш нараас нэр дурдан хичээлийн дараа уулзах, гадуур гарах санал тавьдаг бөгөөд тэр байдал нь тэр охинд өөрт нь маш хэцүү мэдрэмжийг өгдөг тухай ярьсан юм.
Дээрх ярилцлагын эцэст өнөөх охин эргээд онлайнаар хичээллэвэл ядаж л нүүр тулж уулзахгүй илүү амар байх болно гэж хэлсэн юм. Энд дүнг нь засах, ахиулах тухай ярьж дарамталсан тухай дурдаагүй байгаа биз, ийм байхад л суралцагчийн суралцах идэвхи, сонирхлыг ямар их буруулсанг гадарлаж болохоор байна. Сүртэй юм болоогүй л байна шд гэх байх, гэтэл цаашид тэр багш нэр нь хүндэдсэн хөвгүүд яаж охидыг зовоохыг Балхаа ах бид хэд таашгүй.
Харви Венштейний хэрэг
Энэ нь 20 гаруй жилийн туршид Холливүүдийн кино үйлдвэрлэл, эрх мэдлийг нэг үе атгаж байсан гэж хэлж болох Харви Винштейн залуу жүжигчдийг кинонд тоглуулж, алдрын замыг нь засах нэрийдлээр бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлэхийг завдсан тухай хэрэг юм. Сүүлд түүний бусармаг үйлдэл элдвийн дарамтанд нийт 94 бүсгүй, бэлгийн хүчирхийлэлд өртсөн 15 бүсгүй ил болсон билээ.
Өөрийнхөөрөө энэ төрлийн хүчирхийлэл гараад байгаа шалтгааныг тодорхойллоо.
- Стереотип — Эр муу ч эмийн дээр гээд л эхэлдэг, ардын дунд түгсэн хэллэгүүд ч нилээн байдаг, нөгөө талаас эр хүн заавал сүүлэрч явах ёстой, болвол л унтчих гэсэн санааг хоорондоо ярьдаг нь харамсалтай. Ийм байх ёстой гэж ойлгуулдаг, тийм байх ёстой юм шиг хүлээж авдаг
- Эрх зүйн соёл, ухамсар, хүний эрхийн мэдрэмж алга — Дунд сургуульд “Иргэний боловсрол”, нийт дээд боловсрол эзэмшиж байгаа хүмүүст бол “эрх зүйн онол”, “хүний эрх” хичээлүүд юу заагаад байдаг юм бэ гэж асуумаар санагддаг. Хүний эрхийг ойлгоогүй болохоор бусдын эрхийг зөрчдөг хүн ихсээд, эрхээ яаж хамгаалахыг мэдэхгүй байна.
- Тусгайлсан боловсрол — Би эр хүн уйлж болохгүй гэсэн санааг нилээн шүүмжилдэг, аа харин зөв эр хүн байх, хүчирхэг эмэгтэй байхад чиглэсэн хөтөлбөр хэрэгтэй санагддаг. Үнэндээ гэр бүл салалтаас болоод эмэгтэй хүнтэй хэрхэн харилцах, ойлголцох тал дээр асуудалтай, гэтэл энэ нөхцөл дээр нь эхний зүйл ороод ирэхээр л эр, эмгүй хүчирхийлэл үүсээд байгаа хэрэг.
- “Хандлага = сэтгэл +ухамсар” би бол ингэж тодорхойлоод байгаа юм. Өөрөө эмэгтэй дүүтэй хүн,ирээдүйд охин үртэй болж магадгүй. Би яахав дээ гэж өмөөрч болох ч охиныг чинь хэн нэгэн зовоогоод байвал яг ямар санагдах уу ? би тэднээс ингэж асуумаар санагддаг.
ХАРВИ ВЕЙНШТЕН-ий хэргээс олон зүйл харж болох ч энэ удаад онцлох нэг л санаа байна. Дээр дурдсан олон бүсгүйчүүд айдас, ичгүүрт хоригдолгүй үнэнийг дуугарч чадсан цөөхөн хэдэн эмэгтэйг гарч иртэл чимээгүй байсан юм. Хэрэв аниргүй өнгөрсөөр байсан бол хэн ч мэдэхгүй, ахиад ч хүчирхийлэл үргэлжлэх байсан биз.
Чамд тохиолдвол ДУУГҮЙ ӨНГӨРЧ, ЗӨВШӨӨРЧ БОЛОХГҮЙ. Чи дуугүй өнгөрөх тусам өөр нэгнийг ч доромжилно, дараагийн удаа юу болохыг хэн ч мэдэхгүй. Одоо тэр хүмүүс юу гэж бол гэдэг улирсан баларсан бодлыг мартацгаая, Ашли Жүдд, Анжелина Жоли ичээгүй байхад та бид 2 ичих хэрэг байна уу, шаардлагатай бол хуульчийн зөвлөгөө авах хэрэгтэй.
Эр эмгүй хүчирхэг байгаарай хүчтэй байгаарай, ёс суртахуунлаг байгаарай, та ямар байхаас нийгэм тийм л байна гэдэгт, энэ ямар ч харанхуйд хүн л гэрэл асаадаг гэдэгт би итгэж байна.